УЛСАД ӨР, УЛСТӨРЧДӨД “АЛТАН ӨНДӨГ” ТӨРҮҮЛЭГЧ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”
Энэхүү нийтлэлийг “Нээлттэй нийгэм форум” ТББ, олон улсын “Open extractives” төслийн дэмжлэгтэйгээр Монголын дата клубын хэрэгжүүлсэн “ТӨК-ийн өгөгдөлд нэвтрэхүй” өгөгдлийн шинжилгээ, дата сэтгүүл зүйн таван сарын хөтөлбөрийн хүрээнд нээлттэй мэдээллийг ашиглан бэлтгэв.
УИХ-ын сонгууль ойртох бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг “амилуулах” талаар улстөрчид цэц булаалдаж эхэлдэг заншилтай. Энэ удаад ч мөн 2024 оны сонгуулийн өмнөх цуурай эхэлж, 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэх талаар улстөрчдийн мэдэгдлээс үүдэлтэй яриа ард түмний дунд хөвөрч байна. Учир нь “Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд буюу өнгөрсөн зургаан сард 10.2 сая тонн нүүрс олборлож, 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрс борлуулан, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, 1.5 их наяд төгрөгийн татвар төлсөн нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон. Өөрөөр хэлбэл иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа хүртэнэ гэх хүлээлттэй байсан юм. Гэвч Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Гантулга “Олсон ашгаасаа өр төлбөрөө дарж байна, одоо зөвхөн Чалко-гийн өр л үлдсэн” хэмээн ярьсан нь анхаарал татаж байна.
Тус компанийн 2022 оны хагас жилийн санхүүгийн тайланд дурдсанаар “Эрдэнэс тавантолгой” ХК дөрвөн их наяд төгрөгийн өртэй байсан бол жилийн эцсээр 3.9 их наяд болж, дөнгөж 100 тэрбумаар л буурчээ. Урьдчилж олсон орлого нь 576 тэрбум төгрөгөөр буурч 1.4 их наяд төгрөг болсон ч дансны өглөг, татварын өр нэмэгдсэн төдийгүй дахин 411.7 тэрбум төгрөгийн богино хугацаат зээл авсан нь өрийг улам зузаатгав.
Гэвч Аудитын дүгнэлтээр компанид өрөө мэдэгдэхүйц хэмжээгээр дарах боломж байжээ. ЭТТ ХК 2018–2020 онд 13 компанид зээл олгосноос гурван байгууллагын 44 тэрбумын урт хугацаат зээл хуваарийн дагуу эргэн төлөлт хийгдээгүй аж. Түүнчлэн 2010 оноос хойш нэхэж буй Чингис хаан банкнаас авах 66 тэрбум төгрөгөө өнөөг хүртэл авч чадаагүйгээр барахгүй Тавантолгой — Гашуунсухайт, Тавантолгой — Зүүнбаян чиглэлийн холболтын төмөр замын төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 66 хувийн хувьцаанд ногдох хөрөнгө оруулалтаас 74 тэрбум төгрөгийн илүү санхүүжүүлт хийжээ.
Үнэндээ үе, үеийн Засгийн газар, УИХ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг сонгууль бүрийн өмнө нохойд барьдаг мод мэт бэлэн мөнгөний барьцаанд тавьж, дараа нь дааж давшгүй их өрөнд унагаж ирсэн гашуун түүх бий билээ.
ӨНГӨРСНИЙГ ЭРГЭН САНАЯ
Одоогоос яг 15 жилийн өмнө буюу 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө бүхэлд нь “Иргэн бүрд Эрдэнийн хувь” гэж нэрлэн нэг сая төгрөг, МАХН иргэн бүрд 1.5 сая төгрөг тус тус олгоно хэмээн ам уралдан амлаж байсан. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж мэддэггүйнхээ балгаар поп амлалт нь гацаанд орох үед улстөрчид ямар ч хамаагүй аргаар мөнгө тараах заль сийлж Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулсан. Ингээд БНХАУ-ын “Чалко” компаниас 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авч, ард түмэнд тараасны буяныг тухайн үеийн Засгийн газар, УИХ хүртэж, монголчууд анх удаа баялгаасаа хишиг хүртлээ хэмээн шагшицгаасан ч баялгаа өм цөм цөлмүүлж байгаагаа ухаараагүй билээ.
Эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцдаггүй улстөрчдийн улайрсан хүсэл, урд хөршийн бага үнээр ихийг авах шунал хоёр нийлсэн гэлтэй. Улмаар Сү.Батболдын Засгийн газар, УИХ-ын шийдвэрээр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн байгуулсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг Цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрснийхээ 80 хувийг БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанид нийлүүлэх анхны оффтейк гэрээг байгуулж, өр алдагдлын суурийг тавьж байв.
Зээлсэн мөнгөө Засгийн газар “Хүний хөгжлийн сан”-д төвлөрүүлэн 2010–2012 онд сар бүр иргэдэдээ 21,000 төгрөг, оюутнуудад 70,000 төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг удаагийн нэг сая төгрөг, шинээр гэр бүл бологсдод 500 мянган төгрөг гэх мэтээр хайр найргүй цацсаар 465 тэрбум төгрөг бэлнээр тараасан.
Ингэж “Чалко” компаниас зээл аваагүй бол “МАНАН”-ын амлалт биелэхгүй байсан хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны Гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш 2015 онд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Б.ЭНЭБИШ: “Чалко” компаниас авсан нийт 350 сая ам.долларын гуравны хоёр нь Хүний хөгжлийн санд шилжсэн
“Чалко” компаниас авсан нийт 350 сая ам.долларын нүүрсний урьдчилгаа мөнгөний дийлэнх буюу гуравны хоёр нь УИХ, Засгийн газрын шийдвэрүүд, Сангийн яамны шахалтын үндсэн дээр Хүний хөгжлийн санд шилжиж, иргэдэд сар бүр хорин нэгэн мянган төгрөг болж очсон. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол” компаниас Хүний хөгжлийн санд нийт 400 тэрбум төгрөг оруулаагүй бол улс төрийн хоёр гол нам болох МАН, АН хоёр сонгогчдод амласан мөнгөө өгч чадахгүй байсан”.
“ЧАЛКО”-ИЙН ДУУСАШГҮЙ ӨР
Монгол Улс “Чалко” компанитай дэлхийн зах зээлд тонн нь 150 ам.долларын дундаж үнэтэй байсан нүүрсээ 70 ам.доллар, ханш нь буурвал бүр 50 ам.доллар хүртэл буулгахаар заасан, мөн урьдчилгаа төлбөрийг төлж барагдуулснаас хойш таван жил нүүрс нийлүүлэх үүрэг хүлээсэн “муу” гэрээ байгуулсан юм.
Ингээд 2010 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК “Чалко”-д долоон жилийн туршид нүүрс нийлүүлсний эцэст 2017 оны гуравдугаар сарын 30-нд урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларын өрөө бүрэн төлж дууссан. Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК өрөө тэглэсэн гэж байгаа ч Цанхийн зүүн уурхай өмнөд хөршийн төрийн өмчит олборлогчдын мэдэлд байсаар байна. Өөрөөр хэлбэл, Цанхийн зүүн уурхайн нүүрсийг 2027 оныг дуустал “Чалко”-д хөнгөлөлттэй үнээр өгөх юм.
Ж.ГАНБАТ: “Чалко”-д 603 сая ам.долларын нүүрс нийлүүлнэ
“Эрдэнэс Тавантолгой” компанид дөрвөн гол худалдан авагч байна. Бүгд “Чалко” тэргүүтэй БНХАУ-ын компани. “Чалко”- ийн гэрээ 2011 оноос эхэлсэн бөгөөд дунд нь хоёр удаа сунгасан, 2027 оны гуравдугаар сарын 31-нд дуусна. Эхний нөхцөл нь Цанхийн зүүн уурхайд хийж буй нүүрс олборлолтын 60 хувийг “Чалко” өөртөө авна гэсэн. Нийт 25.4 сая тонн нүүрс авсан. Энэ оны байдлаар 644.7 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрсийг авсан байна. Бусад гурван компани нь нийлээд 300 сая ам.доллар, “Чалко”-гоос 100 сая ам.доллар гээд нийт 400 сая ам.доллар авсан. Нийтдээ 603 сая ам.долларын мөнгө урьдчилан авч, нүүрсээ нийлүүлэх гэрээтэй байгаа /2022 он/
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.ГАНТУЛГА: 2011 онд байгуулсан Чалкогийн гэрээ хатуу нөхцөлтэй байсан
● 2011 онд байгуулсан Чалкогийн гэрээ хатуу нөхцөлтэй байсан. Гэрээ нь нэг удаа заавал сунгагдах нөхцөлтэй. Түүний дараа нөхцөл тавиад үндсэн гэрээг сунгах, дараагаар нь нэмэлт нэг удаа сунгах гэсэн нөхцлийн дагуу 2017 онд урьдчилж авсан 350 сая ам.долларын өрийг төлж барагдуулсан ч 2022 онд гэрээ автоматаар сунгагдахаас өөр арга байгаагүй. Ингэж сунгагдсан гэрээ дахин нэмэлтээр сунгах нөхцөлтэй байсны дагуу 2027 он хүртэл “Чалко”-ийн гэрээ сунгагдсан. Өөрөөр хэлбэл, “Чалко” -ийн гэрээ анхнаасаа 2027 он хүртэл сунгагдах нөхцөлтэй байсан. /2023 он/
ФАКТ -1: Засгийн газар “Нүүрсний хулгай гаарлаа” хэмээн зарлаж, “шүгэл үлээж”, дөрвөн оффтейк гэрээг ил болгосон. Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа албан тушаалтнуудыг Засгийн газар албан ёсоор зарласан. Гэвч үнэндээ нүүрсний салбарт “хулгай” гарах эс үүсвэр болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг оффтейк гэрээний үүр болгосон буруутан нь Засгийн газар өөрөө юм. Уг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК дэлхийн нүүрсний салбарт томоохон тоглогч болох зорилготой. Харамсалтай нь байгуулагдсан цагаасаа эхлэн улстөрчдийн поп амлалтыг биелүүлэх “даалгавар”-ыг нуруун дээрээ үүрч, үе үеийн Засгийн газрын хараанаас салаагүй. Тухайлбал, олборлоогүй нүүрсээ барьцаанд тавьж, урьдчилгаа төлбөр авч, улстөрчдийн сонгуульд ялах, эрх мэдэлд хүрэх хэрэгсэл нь болж байсан нь нууц биш билээ.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ӨР
Намуудын поп амлалтын балгаар үүссэн өрийг төлөхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК арилжааны банкуудаас зээл авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Түүнчлэн компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхийн тулд 2014 онд “Хөгжлийн банк”- аас 200 сая ам.доллар зээлсэн ч аманд орсон шар тос гэлтэй өнөөх улстөрчид тодорхой хувийг нь “Хүний хөгжил” сан руу хуваарилж, халамжийн мөнгө болгон иргэдэд тараахын зэрэгцээ татварын урьдчилгаа гээд олон тэрбум төгрөгийн татаас авч байсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.
Гэсэн хэдий ч “Чалко”-гийн урьдчилгаа төлбөрийн өрийг барагдуулсан, нүүрсний үнийн өсөлт, Цанхийн баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар борлуулсны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажиллаж, Хөгжлийн банкны өрийг 2018 онд бүрэн барагдуулав. Товчхондоо, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх баригчдын поп амлалтаас үүдэн бий болсон нийт 1.3 их наядын өрийг төлж барагдуулсан юм.
ХУМСЛАГДСАН ХУВЬЦАА БА НОГДОЛ АШИГ
Иргэн бүрд 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд тухайн үеийн Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хүртэлх хувийг 2.5 сая иргэнд эзэмшүүлж, нэмэх оноо авав. Хэдий иргэдийн 1072 хувьцаа нь эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй “амьгүй” хувьцаа ч Монгол Улсын Засгийн газар анх удаагаа стратегийн ач холбогдол бүхий ордоос иргэдэд хувьцаа эзэмшүүлсэн нь монголчууд анх удаа баялагтаа жинхэнэ утгаар нь эзэн суусан нүдээ олсон ажил болсон юм. Гэвч 1 ширхэг хувьцааг 933 төгрөгөөр үнэлж иргэдэд олгосон 1072 хувьцаанаасаа эрх баригчид “хумсалж” байлаа.
ХУМСЛАГДСАН ХУВЬЦАА: 1072 хувьцааг хөдөлгөөнгүй болгож журамласан нь тэртээх 1991–1994 онд иргэдэд тараасан цэнхэр, ягаан тасалбартай холбоотой. Тухайн үед манай улсад өмч хувьчлал эрчтэй явагдаж, улсын өмчийн томоохон үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд хувьчлагдахад иргэд өөрийн сонгосон компанийн хувьцаанаас цэнхэр тасалбараар хувьцаа, ягаан тасалбараар тоног төхөөрөмж худалдан авах, аль эсвэл бэлэн мөнгө болгон авах боломжтой байв. Харамсалтай нь, дийлэнх иргэд уг цэнхэр, ягаан тасалбарын талаар мэдлэг, мэдээлэлгүйн улмаас бусдад хямд үнээр борлуулсан байдаг. Товчхондоо, ирээдүйд томоохон үйлдвэр, худалдааны төвийн эзэн нь болох боломжоо алдсан юм. Уг түүх давтагдахаас сэргийлж, 1072 хувьцааг бусдад арилжихыг хориглосон ч Сү.Батболд болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар уг журмыг зөрчиж, иргэдийн хувьцааг “амилуулах” нэрээр буцаан татсан билээ. 91010946
ФАКТ-2: “Сайн хувьцаа” хөтөлбөрөөр Монголбанкнаас гуравхан долоо хоногийн хугацаанд 374 тэрбум төгрөг гаргасан нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай хуулиудыг илт зөрчсөн нь хожим ил болсон байдаг. Уг хөтөлбөрт хамгийн түрүүнд хамрагдсан иргэд хувьцаагаа амжилттай зарсан. Тэд “Засаг”-аас 300 мянган төгрөгөө бүтнээр нь авч чадсан. Харин сүүлдсэн иргэдээс “Эрдэнэс Тавантолгой” ХК, арилжааны банк, Засгийн газар гуравт залилуулчихсан нь нэлээд бий. Хувьцааныхаа 30 хувийг худалдах хүсэлтээ өгч, эзэмшиж буй хувьцаанаас нь хасагдсан ч мөнгөө бүрэн авч чадаагүй. Тухайн үед 14 мянган орчим иргэдийн хувьцаа данс бүртгэлийн аргаар алдагдаж, дутсаныг 2019 онд Эрүүгийн цагдаагийн газар, санхүүгийн шинжээчдийн хамтарсан шалгалтаар тогтоосон гэдэг. 2011–2016 онд хувьцааг эргэлтэд оруулах нэрээр Засгийн газрын газрын хэрэгжүүлсэн хөтөлбөрийн явцад иргэд тийнхүү хохирсныг эдийн засагчид үгүйсгэхгүй байв.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН СЭРГЭЛТ БУЮУ НОГДОЛ АШИГ
Эрх баригчид 1072 хувьцааг тийнхүү “элдэвлэснээс” нэг их удалгүй компани ашигтай ажиллаж эхэлсэн нь улс орны эдийн засагт төдийгүй иргэдэд ч баяртай мэдээ байлаа. 2017 онд Баруун Цанхийн уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлж, гүйцэтгэгчийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоосон нь борлуулалтын ашиг нэмэгдэхэд гол нөлөө үзүүлжээ. Тухайн жилдээ 10.1 сая тонн нүүрс олборлосон нь Монгол Улсын хэмжээнд рекорд тогтоосон төдийгүй борлуулалтын орлого нь 1.2 их наяд, хөрөнгийн хэмжээ нь 11.8 их наяд хүрсэн юм. Энэхүү өсөлт 2019 онд оргилдоо хүрч, 60 сая тонн нүүрс олборлож, 2.7 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллав. Ийнхүү компанийн түүхэнд анх удаа 2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хүртээх яриа бодит болж, 2020 оны сонгуулиас өмнө анх удаа ногдол ашиг тараасан билээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.ГАНХУЯГ: Хувьцаа эзэмшигч иргэддээ 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараалаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон 2020 оныг 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан амжилттайгаар угтсан. Үүний үр дүнд компанийн нийт хувьцаа эзэмшигч иргэддээ 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах ажлыг 2020 оны есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлүүлэн амжилттай зохион байгуулж чадлаа. Энэ бол таны оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөж, цаашид ч хөрөнгө оруулсан компани тань улс төрөөс хараат бус байж, зөвхөн бизнесийн хууль, зарчмаар ажиллах хөгжлийн замдаа орлоо гэж ойлгож болно” гэв.
Гэвч нидэр дээрээ төрд ногдох ногдол ашиг болох 880.2 тэрбум төгрөгийг хуулийн дагуу Ирээдүйн өв санд хуримтлуулсангүй. Харин төсвөөс гадуур туйлцгаав. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Гантулга “2019 онд ашигтай ажилласны ногдол ашгийг 2020 онд тараасан. Ногдол ашиг тараах эсэх талаар шийдвэр гарч амжаагүй байхад Монгол Улсын 2020 оны төсөв батлагдчихсан байсан. Өөрөөр хэлбэл, 2020 оны төсөвт Ирээдүйн өв санд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн өмчид ногдох ногдол ашгийн 880.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэж төсөөлөөгүй” гэв. Ингэж тэрхүү мөнгөнөөс төсвөөс гадуур Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу 750 тэрбумыг төмөр замын бүтээн байгуулалтад, 117.2 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Монгол” -ын Хөгжлийн банк дахь өрийг дарж, үлдсэн 13 тэрбумыг татварт тушаасан.
Сонирхолтой нь энэхүү мөнгө компанийн санхүүгийн тайланд уртаас урт хугацаатай өр болж бичигдэв. Ингэснээр 2019 онд 43.4 тэрбумаар хэмжигдэж байсан компанийн өр 2020 онд 925.7 тэрбум болж 20 дахин нэмэгдсэн юм.
ИХ НАЯДААР НЭМЭГДСЭН ӨР
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын 2.5 сая иргэн, 486 аж ахуй нэгж эзэмшиж байна. Төр 85.2 хувийг нь эзэмшиж байна. Энэ их итгэл үнэмшил дээр тулгуурлан үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр хичээн ажиллаж байна” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 2020 онд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Түүний “үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр” гэдэг үг “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК зэрэг охин компани байгуулан, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, “Тавантолгой Түлш” ХХК-ийн хөрөнгө оруулалт, санхүүжилт юм.
Удалгүй дахиад ковидын дараах “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-гөөр Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ хэмээн бонд босгов. Тус бондод 1467 иргэн, 26 аж ахуй нэгж хөрөнгө оруулж, нийт 692.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Ингээд компанийн өр 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2022 оны хагас жилд “Эрдэнэс Тавантолгой”-н өр дөрвөн их наяд төгрөг хүрсэн юм.
ФАКТ-3: “Эрдэнэ Тавантолгой” ХК-ийг өрөнд оруулж байгаа бас нэг асуудал бол хөрс хуулалтын зардал. Өөрөөр хэлбэл тэд хөрс хуулалтын зардлаа өсгөсөн. Багануурын уурхайн хөрс хуулалтаас ч өндөр зардалтайн дээр гадаадын өндөр төлбөртэй оператор компанийг оруулж ирсэн нь алдагдал хүлээх нэг шалтгаан болсон хэрэг. Тухайлбал нүүрс олборлон ачдаг TTJVCO компанитай Зүүн Цанхид 2014 онд байгуулсан гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой”-г ихээхэн алдагдалд оруулжээ. Гэрээний хатуу үнээр 900 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн талаар эдийн засагчид онцолсон байдаг
4 ИХ НАЯДААР ХЭМЖИГДЭХ ҮР АШИГГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн их өрийн бас нэг хөшүүрэг болсон үр ашиггүй бүтээн байгуулалтуудыг төсөл бүрээр нь задлан товч мэдээлэл хүргэе.
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ БА ОФФТЕЙК ГЭРЭЭ 1,2,3:
Олон жил улс төр, нийгэм, эдийн засгийн хэрүүлийн алим болсон Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.28 тэрбум ам.доллараар санхүүжүүлэх үүрэг хүлээснээс өнөөдрийн байдлаар 770 орчим сая ам.долларыг нь нүүрсээр төлж барагдуулжээ.
Нийт 233.6 км төмөр замыг Ерөнхийлөгч Х.Баттулгын үед “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Голомт”-ын Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК-тай 792.1 сая ам.доллараар барихаар 2019 оны аравдугаар сард анх гэрээлсэн байдаг. Дараа нь, 2020 оны зургаадугаар сард нэмэлт өөрчлөлт оруулж, 213.4 сая ам.долларын нэмэлт санхүүжилт өгөхөөөр болов. Ингэснээр төслийн нийт өртөг 1.28 тэрбум ам.доллар болж өссөн юм.
ФАКТ-4: Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барих “Бодь интернэшнл” ХХК-тай хийсэн гэрээг улсын нууцад хамруулсан төдийгүй гэрээнд хэд хэдэн анхаарал татах заалт байсныг Засгийн газраас томилогдсон БЭТ Ж.Ганбат мэдэгдсэн.
Тухайлбал, гэрээнд “Гүйцэтгэгч нь төслийн санхүүжилтийг олон улсын банк санхүүгийн байгууллага бусад талуудаас хөрөнгө босгох замаар санхүүжих бөгөөд хөрөнгө босгохтой холбоотой санхүүгийн болон бусад зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс нийлүүлэх гэрээний дагуу нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нөхөн төлнө гэж заажээ. Түүнчлэн хэрэв гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэхэд ханшийн зөрүү үүсвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК нийлүүлэх нүүрсний хэмжээнд тохируулга хийх замаар хохиролгүй болгохоор тусгасан байна. Энэ заалтын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК ханшийн зөрүүнээс үүссэн 1.249 сая ам.доллар төлөхөөр болжээ. Мөн Гашуун сухайтын төмөр зам ашиглалтад орсноос хойш 60 хоногийн дотор Тавантолгой төмөр зам нь “Эрдэнэс Тавантолгой” ХК гүйцэтгэгчийн нүүрс нийлүүлэх ажлыг тэргүүн ээлжинд тээвэрлэх гэрээ байгуулна.
Ийнхүү нэг км төмөр зам барих өртөг анх гэрээнд тусгаснаас даруй 27 хувиар нэмэгдэв. Үүн дээр алдагдсан боломжийн өртөгийг тооцвол бүр аварга тоо гарна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсон бол 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох байлаа
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам улстөрчдөөс болж гацахгүйгээр бүтээн байгуулалт нь өрнөж 2013 ондоо дууссан бол 375 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортолж, хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох байсныг холбогдох мэргэжлийн байгууллагууд тооцоолон гаргасан байна. Энэ бол эмгэнэлтэй бас харамсалтай сургамж бөгөөд давтаж үл болох гашуун туршлага юм. Бидний алдагдсан боломжийн өртөг өнөөдөр Монгол Улсын нийт гадаад өртэй дүйцэхүйц байна. Нэг үгээр хэлбэл, бид 2013 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулсан байсан бол Монгол Улс гадаад өрийн дарамтгүй байх боломж байсан юм. 2022 он
“Муу хүнийг зар, зарсан хойноо өр” гэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д одоо терминал барих “гунигт” ажил үлдсэн. Өргөн царигийг нарийнтай холбох терминал барихад хамгийн багадаа 200–300 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай. Өөрөөр хэлбэл, дахин шинэ төмөр зам барьснаасаа илүү хөрөнгө шаардагдана. Өнөөдрийн байдлаар уг бүтээн байгуулалтыг БНХАУ-тай хамтран хийхээр эхний байдлаар тохиролцжээ. Нүүрсний экспортын 55 хувь нь гарч буй “Гашуунсухайт- Ганц мод” боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг хийж байгаа манай улсын дүр зураг нэг иймэрхүү.
БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ БУЮУ ОФФТЕЙК ГЭРЭЭ 4,5:
Нийт 1.4 тэрбум гаруй ам.долларын санхүүжилттэй тус төслөөс замын суурь бүтцийн барилгын ажилд 670 гаруй сая, туннел, эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт барилгын ажилд 735 орчим сая ам.доллар зарцуулахаар тусгажээ.
Богдхан төмөр замын өртөгт 2022–2027 он хүртэл таван жилийн хугацаанд сар бүр 12.2 сая ам.доллар буюу нийт 734.6 сая ам.долларыг “Бодь интернэйшнл” ХХК-д төлөх үүрэг хүлээсэн аж.
Гэрээг “Эрдэнэс Тавантолгой” талаас Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК талаас Н.Удаанжаргал, “Бодь интернэшнл” ХХК талаас Б.Долгормаа нар үзэглэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар тус төмөр замын төслийн санхүүжилтийг зогсоосон бөгөөд цаашид хэрхэхийг Засгийн газар шийднэ.
ОФФТЕЙК ГЭРЭЭ 6:
Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгаа хийх гэрээ:
Нийт 69.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр геологи, хайгуулын судалгаа хийнэ. Таван компанийн түншлэлийг төлөөлж “Элгэн” ХХК “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээг байгуулсан. Гэрээний 30 хувь болох 20.9 тэрбум төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан төлөхөөр тусгасан. Гэвч урьдчилгаа төлбөрийн баталгаагүйгээр санхүүжилт гаргах гэж байсан тул “Эрдэнэс тавантолгой”-н эрх бүхий таван албан тушаалтныг БЭТ ажлаас нь халж, АТГ-т шалгуулахаар хандсан. Мөн гэрээ хийсэн компанийн төлөөлөл цагдан хоригдсон удаатай.
НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР БА ОФФТЕЙК ГЭРЭЭ 7:
Нийт 330 сая ам.долларын санхүүжилт хийхээс одоогоор 40 сая ам.долларын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргажээ.
Тус үйлдвэрийн санхүүжилтэд ногдол ашгийг өгөх үү эсвэл иргэдэд тараах уу гэдгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд болох ТУЗ-ийн хурлаараа шийдвэрлэх юм байна.
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ БА ОФФТЕЙК ГЭРЭЭ 8, 9: Тус төсөлд 488.5 сая ам.долларын санхүүжилт хийх үүрэг хүлээсэн. Үүнээсээ 450 орчим сая ам.долларын санхүүжилтийг өнөөдрийн байдлаар хийгээд байгаа аж.
Энэхүү төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг улсын нууцад хамруулан, УБТЗ ХНН болон ЗХЖШ-тай хамтран гүйцэтгэсэн.
Нийт 416.1 км төмөр замыг 1.4 их наяд төгрөгийн өртгөөр буюу нэг километрийг нь 3.36 тэрбум төгрөгөөр барьсан байдаг. Тус төмөр зам нь монголчууд өөрсдийн техник, тоног төхөөрөмж, монгол инженер техникийн ажилтнуудынхаа хүч хөдөлмөрөөр босгосон гэдэг ч мөн л мухар.
Хэрэв энэхүү төмөр зам зөв баригдаад ашиглалтад орсон бол өнөөдөр тухайн төмөр замаар тээвэрлэх ачаа тээврийн хүчин чадал нь жилд дунджаар 15 сая тоннд байх бөгөөд шинээр 1,200 үндсэн ажлын байр бий болгож, ачаа тээвэрлэлтээс жилд дунджаар 675 тэрбум төгрөгийн тээврийн орлого олж, 175 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах байжээ.
Энэ тухайд УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны дөрөвдүгээр сарын 03-нд www.news.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
С.БЯМБАЦОГТ: Шинээр барьсан төмөр замууд одоогоор эдийн засгийн эргэлтэнд орох боломжгүй байна. Учир нь, төмөр зам дээр нь явах вагон, зүтгүүр алга. Шинэ барьсан төмөр замууд БНХАУ-ын талтай холбосон холболтын төмөр замгүй буюу мухар болчихоод байна” гэжээ.
Дээрх тоо баримтуудаас харахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК 3.6 тэрбум гаруй ам.долларын оффтейк гэрээнд санхүүжилт олгох байснаас өнөөдрийн байдлаар 1.26 сая ам.долларын санхүүжилтийг нүүрсээр барагдуулаад байна. Мөн Засгийн газраас Зүүнбаянгийн төмөр зам компанийг татан буулгаж, Монголын төмөр замд шилжүүлжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ил байгаа баримтуудыг шүүн үзэхэд улсын стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн өндөр өгөөжтэй ашиглах хүсэл байсан эсэхэд эргэлзмээр. Ингэж хэлэхийн учир нь тус ордыг 2011–2017 онд поп амлалтынхаа өрийг даруулах золионд явуулсан байв. 2018, 2019 оны ашигтай ажилласан цонх үед хүртээсэн ногдол ашиг нь сонгууль угтсан шийдвэр байв. Түүнээс хойш ч олсон ашгийг нь болон ирээдүйн ашгийг нь барьцаалан өрөнд оруулж байж стратегийн бүтээн байгуулалт барив. Гэвч улсын нууц нэрээр зах зээлийн ханшаас өндөр өртгөөр босгосон хэдий ч эдийн засгийн өгөөжөө хэзээ өгөх нь мэдэгдэхгүй бүтээн байгуулалтад зарцуулсныг баримт өгүүлж байна.
САЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛГОХ ШИЙДЭЛ БУЮУ ОЛОН УЛСЫН IPO
Монголын нүүрсний хамгийн том олборлогч, экспортлогч “Эрдэнэс тавантолгой” ХК цаашид цар хүрээгээ улам өргөтгөхөөр ажиллаж буй. Засгийн газраас томилогдсон БЭТ Ж.Ганбатын мэдэгдсэнээр 2023 оны нэгдүгээр улиралд 7.5 сая тонн нүүрс борлуулсан. Үлдсэн хугацаанд 30 орчим сая тонн нүүрс борлуулах зорилт тавьсан гэх. Сайхан амлалт өгч, санаанд орсон тоогоо ярьж болно. Угаас энэ бол улстөрчдийн хэрэглэдэг сонгодог заль. Хамгийн чухал нь БЭТ томилогдоод, компанийн өрийн харьцаа буурсан ч эрх мэдэлтнүүдийн шунал зүсээ хувирган наалдсаар байна. Тэд өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг өрөнд оруулах замаар бэлэн мөнгө тарааж, эрх мэдэлд хүрдэг байсан бол өнөөдөр бүтээн байгуулалт нэрээр хөрөнгийг нь ховх сорж, улсыг ч асар их хэмжээний алдагдалд оруулах аж.
Аливаа компанийн хөгжлийн хурдасгуур нь IPO гаргах байдаг. Хувьцаагаа гаргаж олон нийтээс хөрөнгө татахын тулд тухайн компани олон шалгуур давдаг. Тэр хэрээр засаглал нь сайжирч, хяналт нь чангардаг. “Эрдэнэс Тавантолгой” ХК хэдийгээр 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй ч гадаадын байтугай дотоодын хөрөнгийн бирж дээр зарлагдаж байсан удаагүй. Тиймээс “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “эмчлэгдэх” ганц арга зам нь IPO гаргах гэдгийг эдийн засагчид дуу нэгтэйгээр хэлж байна. Ялангуяа олон улсын зах зээлд гарвал компанийн засаглалыг бодитоор сайжруулах нөхцөл бүрдэнэ. Энэ нь дан ганц компанид төдийгүй улс орны эдийн засагт ч чухал нөлөө үзүүлэх нигууртай билээ.
Дэлхийн улс орнууд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахын тулд нэг капиталист буюу томоохон төслийг хөдөлгөдөг. Үүнийг бид 2009 онд харсан, ойлгосон. Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай хийж гүйцэтгэснээр Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдын хандлага эрс өөрчлөгдсөн.
Хэрэв одоо Тавантолгойн IPO-г олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд гаргавал гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол руу хандуулах алтан боломж нээгдэнэ гэсэн үг. Цаашлаад Тавантолгойн ордыг түшиглэн иргэдэд тараасан 1072 хувьцаа эдийн засгийн эргэлтэд орж, бодит үнэ цэн нь өсөх билээ.
Гэхдээ бидэнд гашуун түүх бий. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Зүүн цанхийн уурхайд IPO босгох ажил 2018 онд эхэлсэн ч хоёр жилийн дараа дуусгавар болж байсан удаатай. Ингэхдээ тус компанийг “Эрдэнэс Монгол”-оос салгаж УУХҮЯ-ны мэдэлд гурван жил байлгаж, “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг байгуулсан ч тусыг эс олсон. Алдаж болох ч алдаанаас суралцах нь илүү чухал. Коксжих нүүрсний том хэрэглэгч Хятад улсын хаяанд оршдог гэдэг утгаараа Тавантолгой төсөл өндрөөр үнэлэгдэж, хөрөнгөө ч ядах юмгүй босгочихно.
Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг улстөрөөс ангид байлгаж, зөв менежмэнттэйгээр удирдвал 2.5 сая иргэний ирээдүйн амьдралын баталгаа болоод зогсохгүй Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн хурдасгуур болгох боломж бидэнд дүүрэн байна.
Оюутолгойн ордоос ч том “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүхий л үйл ажиллагаа нь 1072 хувьцаа эзэмшдэг монгол хүн бүрд хамаатай.
СЭТГҮҮЛЧИД: Н.Лхагвасүрэн /SBN TV/, Б.Ариунзаяа /Tovch.mn/, П.Урнаа /eguur.mn/
ДАТА ШИНЖИЛГЭЭ: Э.Уранцэцэг /Монголын дата клубын дата сэтгүүлч/
ДАТА ДҮРСЛЭЛ: Монголын дата клуб
ЕРӨНХИЙ РЕДАКТОР: Д.Мөнхчимэг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх
Д.Мөнхчимэг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх