Онцгой дэглэмийн онц ач холбогдолгүй худалдан авалтууд
Энэхүү нийтлэлийг “Нээлттэй нийгэм форум” ТББ, олон улсын “Open extractives” төслийн дэмжлэгтэйгээр Монголын дата клубын хэрэгжүүлсэн “ТӨК-ийн өгөгдөлд нэвтрэхүй” өгөгдлийн шинжилгээ, дата сэтгүүл зүйн таван сарын хөтөлбөрийн хүрээнд нээлттэй мэдээллийг ашиглан бэлтгэв.
Төрийн мэдэлд 100 хувь шилжээд дөрөв дэх жилээ үдэж байгаа “Эрдэнэт үйлдвэр” улсад төлж буй татвар хураамжаасаа дутахааргүй өндөр дүнтэй худалдан авалтыг өнгөрсөн дөрвөн жилд хийжээ.
Шилэн дансны мэдээллээр тус үйлдвэр 2019–2022 онд дотоодын аж ахуйн нэгжүүдээс нийтдээ 2.1 наяд орчим төгрөгийн худалдан авалт хийсэн нь 2022 онд улсад төлсөн татвар хурааамжаас даруй 28 орчим тэрбум төгрөгөөр илүү байна.
Хоёр жил гаруй үргэлжилсэн “Монголын зэс корпороц”-тай шүүхийн маргаан шувтрах шахаж байхад 2019 оны гуравдугаар сард үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, хэмнэлтийн горимоор ажиллаж эхэлсэн гэж тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга буюу одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тунхагласан. “Эрдэнэт” төрийн мэдэлд очсоноосоо хойш Төлөөлөн удирдах зөвлөлгүй болж, шийдвэр гаргах дээд эрх мэдлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хэрэгжүүлэхээр болсон билээ.
Тус оны хоёрдугаар хагасаас дэлхийн зах зээлд зэсийн ханш эрс өсөж эхлэв. Энэхүү таатай нөхцөл байдлын үр дүнд зэс боловсруулалт 89.3 хувьд хүрч “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болжээ. Ингээд энэ үйлдвэр анх удаа улс, орон нутгийн төсөвт 961.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Түүнээс хойш үйлдвэрийн төлж буй татварын хэмжээ жил бүр өсөж, өнгөрсөн онд улсын төсвийн орлогын 10.8 хувийг бүрдүүлэх болж, 100 хувь төрийн мэдэлд авсныг зөвтгөх тоон үзүүлэлтүүд хөврөв.
Гэтэл, онцгой дэглэмийн хугацаанд хэмнэлтийн горимоор ажилласан гэх тайлбарыг няцаах баримт олон байна. Онцгой дэглэм тогтоосон үеэс буюу 2019 оноос үйлдвэрийн худалдан авалт эрс өсжээ. Эл шалтгааныг үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа “Үйлдвэр 2031 он хүртэл үйл ажиллагаагаа гурван 5 жилээр төлөвлөсөн ч “Монголын зэс корпорац”-тай өмчлөлийн маргаантай байсан учраас зогсонги байдалд байсан. Харин 2019 оноос эхэлж эхний таван жилийн төлөвлөгөөгөө шахаж ажиллан, хамгийн өндөр хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтууд хийгсэн. 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг зээл авалгүй өөрсдийн хөрөнгөөр хийсэн нь зардал өссөн харагдаж байгаа. Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлд нэвтэрч орлого өссөн. Зардал ирэх жил ч өснө” гэж тайлбарлав.
Хөрөнгө оруулалт гэдэг нь баяжуулах үйлдвэрийн өртгөтгөл, хүдэр боловсруулах хэсгүүддээ тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн ба геологийн нөөцөө дахин 60–70 жилээр нэмэгдүүлсэн. Гэвч энэ бол “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд гардаг шиг еэвэнгийн бүтэн харагдаж байгаа хэсэг нь. Харин алга болсон нөгөө тал нь захирал, удирдлагуудын тансаглал гэж хэлж болно.
Тухайлбал, үйлдвэр 2019 онд 353 сая төгрөгөөр “Лексус 570” автомашин худалдан авсныг олон хүн шүүмжилсээр байтал 2020 онд дахин “Мөнххада” ХХК-аас шууд гэрээгээр 492 сая төгрөгөөр “Prado” автомашин, дахин тендер шалгаруулж 440 сая төгрөгийн үнэтэй “Лексус”-ыг “Багандант” компаниас авчээ. Цоо шинээр нь авсан эдгээр автомашины нэгийг үйлдвэрийн ерөнхий инженер унадаг аж. Өмнөх машин нь элэгдэл хорогдолд орж унах аргагүй болсон учраас сольж өгсөн гэж Х.Үүрийнтуяа дарга тайлбарласан. Энэ мэтчилэн үйлдвэр 2019–2020 онд нийт 11.6 тэрбум төгрөгийг тоо, ширхэг нь тодорхойгүй автомашинуудад зарцуулжээ.
Захирлуудын шинэ автомашины худалдан авалтын талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнээс тодруулахад: “Улаанбаатар-Эрдэнэт хоёрын хооронд бараг өдөр бүр явах болдог тул сайн машин авах шаардлагад үндэслэж, эдгээр машиныг авахыг манай байгууллага зөвшөөрсөн гэсэн үг. Автомашин гэлтгүй бусад зарцуулалт дээр бид захирлуудыг нь дуудаж уулзан тайлбар сонсож, ярилцаж байж шийддэг” гэв.
Ерөнхий захирлын тансаглал
Шилэн тендерийн мэдээллийг шүүж үзэхэд, зөвхөн захирал Х.Бадамсүрэнд хамаарах тансаг худалдан авалтууд ТАВ орчим ТЭРБУМ төгрөг болж байна.
Тэрбээр ГУРВАН ТЭРБУМ-аар Зайсангийн “Jarden” хотхонд тансаг зэрэглэлийн орон сууц хоёрыг худалдаж авсан байдаг. Мөн 2018 онд Канадад сурдаг охиныхоо сургалтын төлбөрт 102 сая төгрөгийг үйлдвэрээс гаргуулсан. “Эрдэнэт үйлдвэр” 2018 оны хагасаас шилэн данс хөтөлж эхэлсэн гэж үзвэл өмнөх жилүүдэд ч үйлдвэрээс сургалтын төлбөрийг нь төлсөн байх магадлалтай.
Тансаглалын жагсаалтыг үргэлжлүүлбэл, 52 сая төгрөгийн массажны сандал, 20 сая төгрөгийн унадаг дугуй гэх мэтээр баримтууд хөвөрнө. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2020 оны 5 дугаар сард буюу сонгуулийн өмнө дараалсан хоёр тогтоол гаргаж нийтдээ 1.2 тэрбум төгрөгийн урамшууллыг Х.Бадамсүрэнд олгосон. Ингэхдээ 2017, 2018 онд үйлдвэрийг ашигтай ажиллуулсан гэж гэнэт шагнасан байдаг. Ерөнхий захирал асан Х.Бадамсүрэн 25 сая төгрөгийн цалинтай байсан ба урамшуулал нь түүний нэг жилийн цалингаас 4 дахин их дүн юм.
Х.Бадамсүрэнд олгосон тэрбумын урамшуулал, тансаг хэрэглээнд олон нийт дургүйцсээр байхад яагаад түүнийг “Монгол Улсын Баатар” хэмээх хүндтэй цолоор шагнав?
“Ерөнхий сайдын томилсон захирал улсын төсвөөс гадуурх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэг даалгаврыг гүйцэтгэдэг” учраас гэж Төрийн өмчит компаниудын өрийн бодлогын судалгаа хийсэн эдийн засагч, судлаач А.Батпүрэв тайлбарлаж байна.
Жишээ нь, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2020 онд ковидын үед айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан, ус, хогны төлбөр болох 1.1 их наяд төгрөгийг үйлдвэрээр төлүүлэх шийдвэр гаргаж байсан.
Харин дараа жил нь У.Хүрэлсүх сонгуульд нэр дэвшин, Ерөнхийлөгч болсон даруйдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг Улсын Баатар цолоор шагнаж, дахиад нэг жилийн дараа Х.Бадамсүрэнг Хөдөлмөрийн баатар болгосон.
“Эрдэнэт үйлдвэр” 2023 онд багтааж сумдын сургуулийн дотуур байрыг боловсон жорлонтой болгох төсөлд 100 тэрбум төгрөг гаргаж өгөх үүрэг хүлээсэн ба МАН энэ оноогоо 2024 оны сонгуульд ашиглах буй заа.
Мөн У.Хүрэлсүхийн даалгавраар “Тэрбум мод” төслийн аравны нэгийг тус үйлдвэр тарих үүрэг хүлээсэн учраас “Ойн генетик нөөцийн төв” байгуулахад одоогийн байдлаар 16.4 тэрбум төгрөг зарцуулаад байна. Мөн Сэлэнгэ амралтын баазад босгож буй “Ногоон хөгжлийн төв”-д зориулж шинэ зочид буудал барих ажилд 16.9 тэрбум төгрөг зарцуулжээ. 210 хүний ортой буудлыг “Ви Ти Икс” компанитай шууд гэрээлж гүйцэтгүүлж байна.
Гэхдээ энэ бүх худалдан авалтыг төрийн 3–4 байгууллага хянадаг гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооноос тайлбарласан. “Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтын төлөвлөгөөг манай байгууллагаас тусгай ажлын хэсэг гарч бүгдийг нь шалгаж баталдаг. Манайх баталсны дараа Сангийн яам хянаад, тендер зарладаг. Мөн зарцуулалт дууссаны дараа төрийн байгууллагын аудит оролцдог учраас төрийн 3–4 байгууллагын хяналтанд явагддаг гэсэн үг юм” гэж Ц.Баяр-Эрдэнэ хэлэв.
Гэвч дөрвөн өөр хэдий ч нэг намаас томилогдсон даргатай байгууллагууд бие биеэ хараат бусаар хянаж чадах уу?
Хагас жил гаруйн өмнө халаагаа өгсөн Х.Бадамсүрэнгийн удирдлагын үе болох 2016–2022 онд үйлдвэрийн 4.7 их наяд орчим төгрөгийн худалдан авалтаас өөрийн хөрөнгө мэт цацсан шаардлагагүй худалдан авалтуудыг дурдвал:
- Овоо тахих ёслол, Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамцын номын авшиг хүртээх арга хэмжээг зохион байгуулах, тоног төхөөрөмж угсрах ажилд 39 сая төгрөг;
- Үйлдвэрийн 40 жилийн ойн арга хэмжээний заалны засал чимэглэлийн интерьер зураг гаргуулах ажилд 31 сая төгрөг; /Монголын хамгийн үнэтэй Шангри-Ла Зочид буудалд 500–800 хүнтэй хүлээн авалт хийхэд 30 сая төгрөгийн зардал гардаг билээ/
- Зэс домбо — 18.5 сая төгрөг;
- Унадаг дугуй — 39.5 сая төгрөг. /2019 онд 20 саяар мөн унадаг дугуй авсныг дээр дурдсан/
Эрдэнэт үйлдвэрийн мөнгийг ухаалаг зарцуулах боломж байсан уу гэвэл байсан. Зөвхөн цахилгааны төлбөрт зарцуулсан 1.1 их наядаар бид Хятадаас зээл авалгүйгээр Эрдэнэбүрэнийн усан цахилгаан станц, эсвэл 100 МВТ-ын хүчин чадалтай хоёр салхин цахилгаан станц барьж, ОХУ-аас хараат байдлаа бууруулж болох байв.
Үйлдвэрийг олон нийтийн компани болгож, илүү өндөр бөгөөд хөндлөнгийн хяналттай болгохгүй бол эрх баригч намын томилсон удирдлагууд төсөвт орох ёстой байсан мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж, улс төрчид сонгуулийн оноо авах шидэт дохиур болгосоор байна.
Сэтгүүлчид, дата шинжилгээ: Т .Халиун (Чөлөөт сэтгүүлч), А.Марал (unread.mn), Р.Билэгбаяр (Чөлөөт сэтгүүлч)
Дата дүрслэл: Монголын дата клуб
Ерөнхий редактор: Д.Мөнхчимэг (Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх)