ЖДҮ-үүд ТӨХК-уудад юу нийлүүлдэг вэ?

Mongolian Data Club
6 min readJan 25, 2022

--

ТӨХК-уудын татах хүчний нөлөө ба ЖДҮ

Уул уурхайг асар олон дагуултай гараг эрхэстэй зүйрлэж болно. Тэрхүү гараг эрхсийн нэгэн том бүрэлдэхүүн болсон төрийн өмчит компани гэх том гарагийн татах хүчний нөлөөнд олон “дагуул” байдгийн нэг нь жижиг, дунд бизнесүүд юм. Өөрөөр хэлбэл хөрсөн доорх баялаг хэд хэдэн сувгаар дамжиж нийгэм, эдийн засагт өгөөжөө өгдөг гэж үзвэл уул уурхайн компаниудын худалдан авалт нь үр өгөөж бий болгох нэг том суваг юм. Тухайн олборлолт явуулж буй орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесүүд уул уурхайн компаниудын нийлүүлэлтийн гинжин хэлхээнд оролцсоноор санхүүгийн үр өгөөжөөс гадна чадавх, үйлдвэрлэлийн стандарт, бизнесийн соёл, хүний нөөцийн хувьд өсөж дэвждэг. Тэгвэл энэ удаа “Монголын дата клуб”-ийн хийсэн өгөгдлийн шинжилгээ төрийн өмчит уул уурхайн томоохон компаниуд орон нутагтаа, мөн жижиг, дунд бизнест хэр зэрэг мөнгөний урсгал бий болгодогийг харуулж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨХК, “Эрдэнэс таван толгой” ХК 2019–2021 оны эхний хагаст буюу 2.5 жилийн хугацаанд нийтдээ 80.3 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийжээ. Энэ бол 2020 онд Жижиг, дунд үйлдвэрийн газар 249 төсөлд нийтдээ 22 тэрбум төгрөгийн хөнгөлттэй санхүүжилт олгосонтой харьцуулахад 3.6 дахин их хөрөнгө юм. Шилэн дансны системд цалингаас бусад таван сая төгрөгөөс дээш зардлуудыг тайлагнадаг бөгөөд төрийн өмчит компаниуд 50 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүний худалдан авалтыг тендэр зарлахгүйгээр, үнийн саналаар харьцуулан хийдэг хуультай. Тиймээс ч бид шууд худалдан авалт гэдэгт гэрээний үнийн дүн нь 50 сая төгрөгөөс доош, тендэргүй хийгдсэн гүйлгээнүүдийг хамруулж тооцов. Шилэн дансны мэдээллийн систем, УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн сантай тулгаснаар нийтдээ 3500 гаруй компани дээрх гурван компанийн татах хүчний нөлөөн дор бараа, ажил, үйлчилгээгээ нийлүүлж цар тахлын хүнд үед оршин тогтножээ.

Нийт худалдан авалтын 85 хувийг буюу 68.3 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүрдүүлсэн байна. Харин ангиллаар нь харвал худалдан авалтын дийлэнх буюу 52 хувийг сэлбэг, туслах материалын нийлүүлэлтүүд эзэлж байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” 36 тэрбумыг, “Монголросцветмет” 4.8 тэрбум, “Эрдэнэставан толгой” 110 сая орчим төгрөгийг дээрх төрлийн зардалд гаргажээ. Мөн 50 сая төгрөгөөс доош үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардалд хөрөнгө оруулалтын зардал өндөр хувийг эзэлж байна. Мэдээлэл холбооны тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, барилга байгууламжууд нь хөрөнгө оруулалтын зардлын зонхилох хувийг бүрдүүлжээ.

Бидний хийсэн өгөгдлийн шинжилгээгээр шууд худалдан авалтын 42 хувийг орон нутаг, 56 хувийг нийслэлд бүртгэлтэй компаниуд бүрдүүлж байгаагаас үзэхэд орон нутгийн ЖДҮ, хувийн хэвшлийг дэмжихэд чамгүй хувь нэмэр оруулжээ. Орон нутгийн хувьд дийлэнхийг Орхон аймагт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд бүрдүүлж байгаа юм.

Бүх ЖДҮ-чдийн сонорт хүргэх онцлох худалдан авалт

“Ковид-19”: Дэлхий даяар “Ковид-19” халдварт цар тахал дэгдсэн 2020 онд улс оронд төдийгүй хувь өрхийн санхүүд хүртэл халдвараас хамгаалах зардлууд нэмэгдсэн. Бидний дүн шинжилгээгээр зөвхөн 2020 онд гэхэд дээрх гурван компани нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, халдавргүйжүүлэгч бодис худалдан авахад 864 орчим сая төгрөгийг зарцуулжээ. Ковид гэсэн гүйлгээний утгаар хайлт хийхээд 668.5 сая төгрөгөөр хэмжигдэх худалдан авалт бүртгэгдсэн байх агаад Улаанбаатар хот, Орхон аймагт бүртгэлтэй 15 компани амны хаалт, гар ариутгагч болон халдвараас сэргийлэх бусад төрлийн бүтээгдэхүүн нийлүүлсэн байна.

ХАБ: Шилэн дансны гүйлгээний мэдээллээс харахад ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллах нөхцөл, эрүүл ахуйд зориулсан худалдан авалтыг мөн шинжлэх боломжтой аж. Ажилтнуудад зориулсан бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ гэсэн гүйлгээний утгаар хайлт хийхэд таван тэрбум гаруй төгрөгийг дээрх гурван компани зарцуулжээ. Мөн хүнсний эрүүл ахуйн эрсдлийн шинжилгээ хийлгэх зөвлөх үйлчилгээ гээд сонирхолтой зардлууд гардаг аж.

Ажлын бээлий гэхэд “Эрдэнэс таван толгой” 9.8 сая, “Монголросцветмет” 16.5 сая, “Эрдэнэт үйлдвэр” Улаанбаатар хот, Өмнөговь аймагт бүртгэлтэй компаниудаас 60 гаруй сая төгрөгийн худалдан авалт хийжээ.

Барилгын материал: Уул уурхайн төслүүдийг дагасан бүтээн байгуулалт, уурхайн өргөтгөл шинэтгэл зэрэг нь уул уурхайн компаниудыг барилгын салбарын хамгийн том худалдан авагчдын нэг болгодог. Худалдан авалтын утгууд дотроос “Барилгын” гэсэн утга орсон гүйлгээний нийт дүн 2.3 тэрбум, “хадаас” гэж 54 сая, “сантехникийн материал” гэсэн 48 сая төгрөгтэй тэнцэх үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ бүртгэгджээ.

Монголчууд 10-аад жилийн өмнөөс арматурыг дотооддоо үйлдвэрлэдэг болсон нь барилгын үйлдвэрлэлийн салбарт гарсан нэг том дэвшил. “Эрдэнэт үйлдвэр” 2020 онд доорх гурван компаниас 79.2 сая төгрөгөөр арматур худалдан авсанаа шилэн дансанд бүртгэжээ.

Хэвлэл ба мэдээлэл: Барилгын салбартай эн зэрэгцэхуйц том ханган нийлүүлэгч нь хэвлэлийн бүтээгдэхүүн болон мэдээлэл үйлдвэрлэгчид байдаг аж. Хэвлэмэл материал, хэвлэлийн бүтээгдэхүүн үйлчилгээ гэсэн ангилалд арваадхан компанийн 2.3 тэрбум гаруй төгрөгийн худалдан авалт бүртгэгдсэн байгаа нь үнэхээр сонирхол татаж байгаа юм. Харамсалтай нь, үүнийг нарийвчилж харъя гэвэл хана мөргөнө. Гүйлгээний утга дээр дийлэнх нь тодорхой бус, хэт ерөнхий буюу зүгээр л “Хэвлэлийн үйлчилгээ” гэсэн тодотголтой. Бүхий л түүхий эд нь импортоос хамааралтай байдаг хэвлэлийн зах зээл уул уурхайн татах хүчинд “өртөмтгий” аж. Чухам яагаад ийм өртөмтгий байдгийг илүү нарийн ухваас ээдрээтэй баримт элбэг байх биз ээ. Эдгээрээс гадна, “мэдээлэл зар сурталчилгаа”-нд 993 сая төгрөг зарцуулсан байгаа бөгөөд телевизүүдтэй 10–20 сая, сонин хэвлэлүүдтэй 5–10 сая, мэдээллийн сайтуудтай 3–5 сая төгрөгөөр гэрээ хийдэг аж. Энэхүү гэрээг “хаалт”-ын гэж мушгих уу, “хамтын ажиллагаа” гэж албажуу нэрлэх эсэх нь тун эргэлзээтэй байгааг нуух юун.

Тавилга, эд хогшил: Тавилга, модон эдлэлийн худалдан авалтын хэмжээ яалт ч үгүй сонирхол татах зардлууд аж. Оффис, ажилтнуудын байр болон үйлдвэрийн байранд зориулсан тавилгуудаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн тохижилтод зориулсан тавилгын нийлүүлэлт бүртгэгджээ.

Нийтдээ 1.6 тэрбум төгрөгийн тавилга, модон эдлэлийн нийлүүлэлтийг доорх компаниуд хийсэн байна.

Оёдол, сүлжмэл эдлэл: Энэ төрлийн худалдан авалт нь нэг тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдэж байна. Бусад төрлийн худалдан авалттай харьцуулахад орос ханган нийлүүлэгчид их байдаг аж. Ажилтнуудад зориулсан төрөл бүрийн хувцаснаас гадна мөн даавуу, бүтээлэг гээд ахуйн хэрэглээний оёдол, сүлжмэл эдлэлийн бүтээгдэхүүнүүдийг идэвхтэй худалдан авдаг байна. Эмэгтэйчүүд голдуу давамгайлсан, хөдөлмөрийн үнэлгээ болон бүтээмж багатай гэгддэг уг салбарт уул уурхайн компаниуд чамлахааргүй мөнгөний урсгал бий болгодогийг өгөгдөл бидэнд өгүүлэв.

Нийтийн албан тушаал ба ханган нийлүүлэлт

ХАСХОМ-ийн мэдээллийн сантай тулгаж харвал нийслэлээс гадна 19 аймгийн төрийн албан хаагчдын хамаарал бүхий компаниуд дээрх гурван уул уурхайн компанид бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлжээ. Дэлгэрүүлбэл, нийт 80 мэдүүлэг гаргагчийн хамаарал бүхий 83 компани нийтдээ дөрвөн тэрбум гаруй төгрөгийн бараа, ажил үйлчилгээ нийлүүлсэн нь нийт 50 сая төгрөгөөс доош худалдан авалтын үнийн дүнгийн 5 орчим хувьтай тэнцэж байгаа юм.

Тухайлбал, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдтэй хамаарал бүхий компаниудын ханган нийлүүлэлтийн дүн бусдаасаа цойлж байгааг онцолъё. Нийт үнийн дүн нь 1.2 тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдэж байгаа бол АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниудынх 336 сая төгрөгөөр хэмжигдэж байна. Үүнээс гадна татварын байгууллага, Стандарт, хэмжил зүйн газрын ажилтантай хамаарал бүхий компани олон давтамжтайгаар бараа, үйлчилгээ хийлүүлжээ.

Бид эдгээр үр дүнг хуваалцаж буй нэг зорилго бол уул уурхайн компаниудын худалдан авалтыг дагаад ямар олон бизнес, аж ахуйн нэгжүүд оршин тогтнож, үйлдвэрлэл хөгжих боломжтойг харуулах гэсэн хэрэг. Харин эдгээр худалдан авалт ил тод байна уу, өрсөлдөөн шударга байна уу, импортын бараа бүтээгдэхүүн давамгайлж буй эсэх нь тусдаа яригдах сэдвүүд. Энүүхэндээ гэж хэлэхэд, төрийн өмчит компаниуд юуг, хэнээс, хэр зэрэг мөнгөөр худалдан авсан нь ил тод, дүн шинжилгээ хийх боломжтой байгаа ч худалдан авалтын талаарх зар мэдээлэл хүртээмжтэй байж чадахгүй байна. Уг нь ил тод зарлаж, түмэнд түгээж байвал эрдэс баялгийн салбарын засаглал сайжирч, хүртээмж нь тэлэх нэг том боломж юмсан. Худалдан авалтын зарыг түгээх нэгдсэн сувагтай болвол өрсөлдөөний орчин эрүүлжиж, уул уурхайн компаниудын “хаялга”-ыг илүү олон бизнесүүд хүртэхэд том алхам болох биз ээ.

Эцэст нь хэлэхэд, татвар төлөлтөөр тэргүүлдэг төрийн өмчит гурван том компанийн худалдан авалтын үр дүнг та бүхэнтэй хуваалцсанаар уул уурхайн бусад компанийн ханган нийлүүлэлтийн тухай чамлахааргүй төсөөлөл бий болгосон гэдэгт эргэлзэхгүй байна. Уул уурхайн салбар сүүлийн 30 жилд Монголын эдийн засгийн гол тулах цэг байсан шигээ ирэх 10–20 жилд ч улсын төсөв, орон нутгийн хөгжил, ажлын байр олноор бий болгодог жижиг, дунд бизнесүүдийн таталцлын голлох хүч хэвээр л байна. Иймд өдийгөөс төдий хүрэх тэрхүү аварга гараг эрхэсийн замнал илүү тунгалаг, ил тод, үр өгөөжтэй байхад нь “Монголын дата клуб”-ын Нээлттэй нийгэм форумын тэтгэлэгийн хүрээнд хийсэн “Төрийн өмчит уул уурхайн компаниудын төсөв хөрөнгийн зарцуулалтад олон нийтийн хяналт бий болгох нь” сэдэвт өгөгдлийн шинжилгээний үр дүн бамбар асаана гэдэгт итгэнэм.

Өмнөх нийтлэл: “Нээлттэй өгөгдлийн далд боломжуудыг нээхүй-1”

--

--

Mongolian Data Club
Mongolian Data Club

Written by Mongolian Data Club

Хөгжлийн төлөө дата боловсролыг дэмжинэ